Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Өөх тос, давс, сахар бол халдварт бус өвчин үүсэх гол хүчин зүйл

Монгол Улсын хэмжээнд халдварын бус өвчлөл өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа нь нийгмийн эрүүл мэндийн салбарынхны санааг багагүй зовоох болсон. Үүнтэй холбогдуулж Анагаах ухааны доктор, Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүн Б.Бямбатогтохтой ярилцлаа.
-Ер нь халдврын бус өвчлөл гэж яриад л байдаг. Үүнд ямар зүйлүүд шалтгаалаад байна вэ?

-Халдврын бус өвчлөлийг үүсгэхэд нөлөөлдөг олон эрсдэлт хүчин зүйл байдгаас хоол тэжээл зонхилох үүрэгтэй гэдэг нь тодорхой болчихсон. Монголчуудын хувьд цөөн нэр төрлийн, ялангуяа амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг нь амьтны гаралтай өөх тосны хэрэглээ ихтэйг харуулж байгаа юм. Мөн сүүлийн үед импортын хүнсний хэрэглээ ихээхэн нэмэгдэж байгаа нь далд өөх тос, сахар, давсны хэрэглээнд нөлөөлж байна. Түүнчлэн цайг давстай уудаг зэргээс шалтгаалан насанд хүрсэн хүн хоногт дунджаар 7.3 грамм давс хэрэглэж байгаа гэсэн судалгааны дүн гарсан нь ДЭМБ-с зөвлөмж болгосон хэмжээнээс даруй 2.5 гр илүү байна.

Хоол тэжээлийн зөв зохистой хэрэглээнээс гадна идэвхтэй хөдөлгөөн хийж, амьдралын зөв хэвшилд суралцах нь халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол арга юм.


Ер нь нэг үеэ бодоход хүмүүс зөв хооллолт гэж ярьж, зөв хооллохыг эрхэмлэж байгаа хэдий ч чухам яг юуг зөв хооллолт гэдгээ сайн мэдэхгүй байна. Зөв хооллож байна гээд мах, цагаан идээ хэрэглэхгүй, зөвхөн жимс ногоо л идээд байна гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт. Зөв хооллоно гэдэг нь тухайн хүний бие махбодид тохирсон байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй надад тохирдог хооллолтын жор өөр хүнд тохирохгүй байж болно шүү дээ.

-Эрүүл хүнсний хэрэглээг хангах бодлого гэсэн зүйл бий юү?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын байгууллагын зөвлөмжүүдэд үндэслэн Монгол Улсын засгийн газар “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн Хүн амын хоол тэжээлийн зөвлөмж хэмжээ, Зохистой хооллолтын зөвлөмж, Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж байна. Гэхдээ эдгээр бодлогын баримт бичгүүд хүндээ хэр хүрч байна вэ гэдгээс үр дүн нь шалтгаална. Хоол тэжээлтэй холбоотой өвчлөлийг бууруулахын тулд тухайн хүн энэ талын мэдлэгтэй болох хэрэгтэй юм. Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр “Хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгч таны оролцоо” сэдэвт цуврал уулзалт-ярилцлагыг зохион байгуулсан нь хүнс үйлдвэрлэгчдэд зөв мэдээллийг хүргэсэн үр дүнтэй ажил болсон гэж бодож байгаа.

-Уулзалт ярилцлагын үр дүн юунд оршиж байв?

-Энэ үйл ажиллагаагаар үндэсний хүнс үйлдвэрлэгч компаниуд халдварын бус өвчлөлд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүд гэж юу болох, яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талын ойлголттой болж, тархалт өндөртэй байгаа эдгээр эмгэгээс хүн амыг урьдчилан сэргийлэхэд хүнс үйлдвэрлэгч бидний оролцоо маш их юм байна гэдгийг ойлгосноороо маш ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

Уулзалт ярилцлагын төгс­гөлд үйлдвэрлэгчид хүн амын эрүүл мэндийн төлөө, эрүүл, сайн чанарын хүнс үйлдвэрлэх сонирхолтой байгаагаа илэр­хийлж, энэ талаар хамт­ран ажиллах боломж болон сүүлийн үеийн мэдээлэл олж авах боломжийн талаар сонирхож байсан нь энэ үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна.

Ерөнхийдөө хэлэлцүүлгийн үед халдварт бус өвчин үүсгэхэд голлох хүчин зүйл болсон өөх тос, давс, сахарын хэрэглээгээ хэрхэн хянаж бууруулах арга замын талаар ярилцаж, мэргэжилтнүүдийн саналыг сонссон. Ер нь дан ганц үйлдвэрлэгчид гэлтгүй хүн амын дунд хоол тэжээлийн талаархи зөв мэдээлэл тун бага байдаг. Манай үйлдвэрлэгчдэд л гэхэд бүтээгдэхүүнийхээ шошгонд ямар мэдээлэл оруулах вэ гэдэг талын мэдээлэл бага байх жишээтэй. Тэр ч утгаараа энэ удаагийн семинар практик тал руугаа чиглэсэн учир илүү үр дүнтэй болсон гэж бодож байна.

-Хүнсний үйлдвэрлэлийн түвшинг мэргэжлийн хүний хувьд дүгнэвэл?

-Муу, сайн гэж ганц үгээр дүгнэвэл учир дутагдалтай асуудал болно. Эрүүл мэндийн салбарын хүний нүдээр харахад хүнс үйлдвэрлэгчид маань дэлхий даяар дагаж байгаа “Эрүүл хүнс”-ний үйлдвэрлэл руу шилжих шаардлагатай байна.  Манайхны хувьд хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн үе шатаас хамаараад ашгийн төлөө чиглэж, өнгө үзэмжийг эрхэмлэсэн байдалтай байгаа. Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, агууламж, үйлдвэрлэлийн технологи, стандартын шаардлага, хаяг, шошгын мэдээлэл зэрэг шаардлагатай зүйлст их ач холбогдох өгөхгүй байгаа ажиглагддаг. Хэрэглэгчдийн эрх ашгийг хангасан эрүүл, чанартай хүнс гэдэг асуудал дээр үйлдвэрлэгчдийн санал, санаачлага тийм ч сайн биш байна. Энэ нь нөгөөтэйгүүр хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүний сонголт, эрүүл хүнсний тухай ойлголт дутмаг байгаатай холбоотой юм.

-Эрүүл хүнс гэсэн ойлголтыг боловсролын системтэйгээ холбовол ирээдүйд ихээхэн үр дүнд хүрэх юм шиг санагдлаа?

-Өнөөдөр ерөнхий боловс­ролын сургуулиудад “Эрүүл мэндийн боловсрол” хичээл орж байгаа хэдий ч цагийн хүрэлцээ бага байгаагаас шаардлагатай гол мэдээллүүд бүгд орж чаддаг гэдэг нь эргэлзээтэй. Ер нь хүн бүр шүдээ зөв угааж, хоолоо зөв сонгодог болчихвол одоо эмчлэх гэж хамаг хүчин чармайлт хөрөнгө мөнгөө зориулаад байгаа өвчлөлүүдээс сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой.

-Нийтийн хоолныхон буюу хоол үйлдвэрлэгчдийн дунд уулзалт ярилцлага зохион байгуулсан гэж байсан. Өөх тос, давс, сахар гэвэл нийтийн хоолны салбартай илүү холбоотой байх?

-Тэгэлгүй яах вэ. Тэр ч утгаараа “Эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөн“ сэдэвт компанит ажлын хүрээнд МНЭММН-ээс ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан цуврал уулзалтын IV нийтийн хоолны салбар буюу хоол үйлдвэрлэгчдийг хамруулсан. Тухайн үед ажиглаж байхад нийтийн хоолны салбарт эрүүл хүнсний талаарх мэдлэг тун дутмаг байлаа. Харин семинарын үр дүнд ядаж л хуушуур хайрдаг тосоо тухай бүрт нь солихгүй бол хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг өвчин үүсэх тул халдварын бус өвчлөлөөс сэргийлэхэд бидний оролцоо чухал гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн.

Ц.Мөнхжин

 

2011-06-09 20:38:23 Уншсан 7343 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт