Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Хүнсээ бус хөнөөлт өвчин худалдаж авсаар байх уу

Манай улсын хувьд мал аж ахуйн салбар түлхүү хөгжсөн гэдэг үүднээсээ сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөрт тооцогддог. Тэр ч утгаараа энэ удаагийн Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгч таны  оролцоо” семинарт үндэсний сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцлоо. 

Олон зуун жилийн турш сүү, сүүн бүтээгдэхүүн  болон сүү ашигласан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж ирсэн бид сүүний ач тус, амин дэмтэй талуудыг тун сайн мэддэг болсон. Харин сүү сүүн бүтээгдэхүүний сөрөг талын талаар нухацтай авч үзэж байсан удаа тун ховор. Бараг зарим нь сүүнд сөрөг тал байдаг гэдгийг сонсвол хөх инээд нь хүрэх байх. Гэтэл сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагдах өөх тос хэмээх хэнд ч харагдаж үзэгддэггүй аюулт хөнөөл хэрэглэгч бидний эрүүл мэндэд заналхийлээд буйг сүүлийн үеийн эрүүл мэндийн судалгааны дүн харуулж эхэллээ. Тодруулбал, халдварт бус өвчлөлийн дунд толгой цохидог зүрх судас, нойр булчирхайн өвчлөлийн дийлэнх нь дээрх өөх тос, давсны илүүдэл хэрэглээнээс үүдэлтэй байдаг гэнэ. Хэдийгээр эрс тэс уур амьсгалд дасан зохицохын тулд Монгол хүнд өөх тос зайлшгүй шаардлагатай гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байгаа ч нүүдлийн гэхээсээ илүүтэйгээр суурьшмал соёл иргэншилд шилжиж байгаа өнөө үед өөх тосны хэрэглээгээ бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Бидний хувьд өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг гэж ярих дуртай улс. Харин нийгэмд халдварт бус өвчинд нэрвэгсдийн тоо жил ирэх тусам ихэссээр байгаа нь бидний өнөөх өвчин гэдэг зүйл маань хийсч биш харин зовхисгүй хэрэглээнээс шалтгаалаад байгаа гэдгийг семинарын үеэр тавигдсан илтгэлүүдээс тодорхой харагдаж байлаа.  Учир нь бид хэрэглэж байгаа бүтээгдэхүүндээ агуулагдаж буй өөх тос, давсны агууламжийг огтхон ч тоодоггүй. Энэ нь нэг ёсондоо хэрэглээний соёл гэдэг зүйл байхгүй гэдгийг гэрчилж байгаа хэрэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгчийн соёл өндөр хөгжсөн учраас хэрэглэгч ядаж л хэдий хэр өөх тос, давс хэрэглэж байхаа хянаад байх боломжтой байдаг. Гэтэл бидний хувьд энэ зүйлийг төдийлөн тоодгүй. Үүнээс нь ч болж бүтээгдэхүүний шошгололтын хөгжил гэдэг зүйл тээр ард хоцорч явна. Тухайн бараа бүтээгдэхүүний орц агууламжийг үнэн зөвөөр таниулах үүрэгтэй шошгололт нь рекламны самбарын үүргийг тун сайн биелүүлж байгаа нь хэрэглэгчүнэн зөв мэдээллээр хангагдах эрх ноцтой зөрчигдөж байгаа хэрэг юм. Хамгийн энгийн жишээ л гэхэд хуурай сүүгээр найруулж үйлдвэрлэсэн сүүнийхээ шошгон дээр цэвэр үнээний сүү, экологийн цэвэр сүү  гэж байх нь энүүхэнд. Ингээд бодохоор бид хүнсний хэрэглээгээ зөв сонгохгүй  бол хэн ч тусч болох хөнөөлт өвчин бидний дэргэд хаалга тогшоод байж байна. Саяхан л гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн ажилтнууд Сэлэнгэ аймагт дөрөв хоногийн турш ажиллахдаа 730 хүнд бүрэн хэмжээний оношлогоо хийжээ. Гэтэл тэдгээр иргэдээс 13 нь хавдартай, 173 нь хавдараар өвчлөх эрсдэл маш өндөр гэсэн тоо гарчээ. Энэ тоо бол бидэнд халдварт бус өвчний аюулт хөнөөл нэгхэн алхамын зайтай ирсэн гэдгийг тодхон харуулж байгаа хэрэг. Тиймээс бид энэхүү үл үзэгдэгч аюулт өвчнүүдээс зайлсхийхийн  тулд хүнсний бүтээгдэхүүний талаархи хэрэглэгчийн мэдлэг боловсрол   болон хэрэглээний соёлыг  сайжруулах нь нэн шаардлагатай тулгамдсан асуудал болжээ.  

Ц.МӨНХЖИН

 

2011-05-15 20:28:22 Уншсан 3674 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт