Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Цагаан гуриланд нуугдсан түгшүүр

Сүүлийн жилүүдэд газар тариалан тэр дундаа гурил, гурилан бүтээгдэхүүний гол түүхий эд болсон улаан буудайн тариалалтыг төрөөс тусгайлсан бодлогоор дэмжсэний ачаар манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж эхэлсэн. Үүнийг дагаад гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл улам ихэсч, олон төрлийн бараа бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очих болсон билээ. Гэвч эдгээр бүтээгдэхүүний дийлэнхийг цагаан гурилаар хийж байгаа нь нийгэмд аюулын харанга дэлдэхэд бэлэн болоод байна.

Учир нь үйлдвэрлэлийн аргаар цэвэршүүлж цайруулсан цагаан буюу дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүн нь таргалалтыг эрчимжүүлж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг төдийгүй хорт хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид тогтоожээ. Тодруулбал, улаан буудайг дээд зэргийн цагаан гурил болгохоор боловсруулахдаа Аллаксон хэмээх химийн нэгдлийг ашигладаг бөгөөд энэ нь нойр булчирхайн вета эсийг сонгомлоор гэмтээснээс инсулин ялгаралт эрс буурдаг байна. Ийм учраас цагаан гурилын орц ихтэй талх нарийн боов зэрэг бүтээгдэхүүн ихээр хэрэглэсэн хүний биед инсулин дутагдаж улмаар цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг ажээ. Нэг ёсондоо цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн нь элсэн чихэртэй адил цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг бөгөөд үүнээс болж огцом жин нэмэхээс гадна халдварт бус тахал гэж нэрлэгддэг чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг улам нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагджээ. Үүнээс гадна Монголд үйлдвэрлэж буй гурил, гурилан бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээгээр энэ төрлийн бүтээгдэхүүн дэх давс, сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ гурав дахин их байгаа нь илэрчээ. Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань Европын холбооны улсуудын жишгээр давс, сахарын хэмжээгээ стандартаас бууруулахгүй юмаа гэхэд байх ёстой хэмжээнд нь барихгүй бол хэрэглэгч түмнийхээ амь насаар наадчихаж мэдэхээр байгаа юм. Ийм их аюул дагуулж байгаа учраас дэлхий даяар гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид цагаан гурилын хэрэглээнээс эрс татгалзаж эхэлсэн. Харамсалтай нь манай улсын хувьд энэ төрлийн хэрэглээ нь улам ихсэх хандлагатай байгаа нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын санааг зовоож эхэлжээ. Ингэхээс ч аргагүй. Өдөр тутмын хүнсний хэрэглээнийх нь дийлэнх хувийг цагаан гурил эзэлж байгаа энэ үед аюул дагуулсан дээрх хэрэглээнээс зайлсхийхэд тун ч бэрх бөгөөд тэрхүү чимээгүй тахлын аюулыг бага ч гэсэн бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоо тун чухал билээ. Нэг үгээр хэлбэл манай үндэсний үйлдвэрлэгчид цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ багасгах шаардлагатай болж буй хэрэг.

Тэр ч утгаараа Монголын нийгмийн эрүүл мэндийн мэр­гэжилтнүүдийн нийгэмлэг, Монголын Мянганы Сорилтын сан­гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэ удаагийн “Хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгч компаниудын оролцоо” сэдэвт семинартаа гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид урьж оролцуулсан. Хэлэлцүүлгийн явцад цагаан гурилын хэрэглээг бууруулах үүднээс хүний биед хэрэгтэй амин дэмүүдээр баялаг хөх тариа, арвайн зэрэг гурилаар орлуулах, мөн гурилан бүтээгдэхүн дэх давсны агууламж, амьтны гаралтай өөх тос, сахарын хэмжээг бууруулах санаачлагыг дэвшүүлсэн. Үүнээс гадна тухайн савласан гурил, гурилан бүтээгдэхүүний шошгололтын стандартаа мөрдөж хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгөх, хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын стандартуудыг үйлдвэрлэлдээ хэвшүүлэхийг гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэдээ уриалсан нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо хэмээн дүгнэх хүн олон байсан юм.

Ц.Мөнхжин

 

2011-04-28 19:11:10 Уншсан 3555 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт