Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Чимх давсаар тэжээгддэг чимээгүй ирэх тахал

Монголын ард түмэн эрт дээр үеэс эхэлж цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицохын тулд илчлэг өндөртэй мах махан бүтээгдэхүүнийг хүнсний гол хэрэглээгээ болгож ирсэн. Харин сүүлийн жилүүдэд халдварт бус гэгдэх зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс өсөх болсон нь мах махан бүтээгдэхүүнд агуулагдах амьтны гаралтай өөх тос болон давсны агууламжаас шууд хамааралтай болохыг олон улсын байгууллагууд тогтоогоод байгаа аж.

Тэр ч утгаараа хөгжингүй орнуудын үндэсний үйлдвэрлэгчид өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах амьтны гаралтай өөх тос болон давсны илүүдэл хэмжээг  бууруулахад ихээхэн ач холбогдол өгч эхэл­сэн байна. Энэ талаар Монголын нийгмийн эрүүл мэндийн мэр­гэжилтнүүдийн ний­гэмлэг, Монголын Мян­ганы сорилтын сан­гийн дэм­жлэгтэйгээр зо­хион байгуулсан “Хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг буу­руулахад үндэс­ний үйлд­вэрлэгч компаниудын оролцоо” сэдэвт үндэсний мах, махан бүтээгдэхүүн үйлд­вэрлэгч компаниудын удирд­лагуудтай хийсэн уулзалтын үеэр голчлон хөндсөн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу насанд хүрсэн хүн хоногт таван граммаас бага буюу нэг цайны халбага хүрэхгүй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай гэнэ. Гэвч насанд хүрсэн монгол хүн хоногт дунджаар 7.3 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан нь зүрх судасны өвчлөлийн улмаас нас барагчдын тоо улсын хэмжээнд толгой цохисоор бай­гаагийн гол шалтгаан болж байна. Түүнчлэн давс нь манай улсад элбэгших хандлагатай   байгаа ходоод­ны хавдар, цус харвалт, зүрхний хэмнэл алдагдах, астма, бөөр чулуужих, яс хэврэгших зэрэг өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл болсоор байгаа аж.

Хувь хүн давсны хэрэг­лээнийхээ тодорхой хувийг гэрийн нөхцөлд хянаад байх боломжтой ч нийт давсны хэрэглээнийхээ 75 хувийг далд хэлбэрээр буюу дэлгүүр, нийтийн хоолны газраас худалдан авдаг нь хяналт тавихад хүндрэл учруулдаг байна. Хэдийгээр хөгжингүй орнуудад хүнсний бүтээг­дэхүүний орц найрлагыг тухайн бүтээг­дэхүүний шошгоны тусламжтай эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх өөх тос, давс, сахар гэх мэт бодисоос зайлсхийх боломж байдаг ч манай улсын хувьд байдал өөр. Учир нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт мэдлэгтэй боловсон хүчин дутагдалтайн улмаас хүнсний бүтээгдэхүүний шошгожуулалтад тавигддаг шаардлага төдийлөн мөрдөг­дөхгүй байна. Түүнч­лэн иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс зохих, стандарт шаардлагуудыг мөрдүүлэх чиг үүрэг бүхий холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа муу байгааг харуулж буй юм. Үүнээс болж хэрэглэгчид сонгосон бүтээгдэхүүнийхээ найр­лагын талаар үнэн бодит мэдээллээр хангагдах эрх нь зөрчигдсөөр байгаа нь монголчууд бидний эрүүл мэндэд чимээгүй тахал тараасаар байна. Тиймээс дээрх уулзалтыг үндэсний үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулсан бөгөөд үүгээр дамжуулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүний давсны хэрэглээг таван жилийн турш 40 хувиар бууруулах санаачлагыг дэвшүүлээд зогсохгүй хүнс­ний бүтээгдэхүүний шош­гонд тавигддаг стандар­туудыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай гэд­гийг таниулах арга хэмжээг өрнүүлсэн юм. Хэрэв хүнсний бүтээг­дэхүүнд агуу­лагдах илүүдэл давс бо­лон амьтны гаралтай өөх тосны хэмжээг бууруулах санаачлагыг хэрэгжүүлж чадвал цус харвалтыг 24, зүрх судасны өвчлөлийг 18 хувиар тус тус бууруулж чадах болно. Энэ бол зөвхөн дээрх уулзалтад оролцсон компаниудтай холбоотой асуудал бус Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний хүнс үйлдвэрлэгчдэд бүгдэд ха­маа­тайг санууштай.

Ц.Мөнхжин

 

2011-04-28 19:09:51 Уншсан 2082 Хэвлэх

Secondary Content

Анхдугаар бага хурал

Мэдээлэл

Зэргийн шалгалт