“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХИЙХ ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙГ ХЭВШИЛ БОЛГОХ” СЭДЭВТ УУЛЗАЛТЫН ТАЙЛАН
Монгол Улсад хэрэгжиж буй Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн “Амьдралын зөв хэвшилд алхам алхмаар“ уриа бүхий “Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих” гурав дахь удаагийн кампанит ажлын хүрээнд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сургууль дээрээ хийх идэвхтэй дасгал хөдөлгөөнүүдийг хэвшил болгох” сэдэвт уулзалт 2012 оны 8 сарын 29-ны өдөр Пума зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтанд ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, Боловсрол шинжлэх ухааны яам, ЗГХА-Эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн биеийн тамир спортын газар /НБТСГ/, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Төслийг хэрэгжүүлэгч гэрээт байгууллага, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн төлөөллүүд, 20 сургуулийн удирдлагууд оролцов.
Уулзалтанд НБТСГ “Идэвхтэй дасгал хөдөлгөөн, хууль эрх зүйн актууд, судалгаа”, 4, 9-р ерөнхий боловсролын сургуулиуд “Сургууль дээрээ хийх идэвхтэй дасгал хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлсэн тэргүүн туршлага”, МҮОНТ “Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн телевизийн реалити шоу-ны танилцуулга” гэсэн сэдвүүдээр илтгэлээ танилцуулсан.
Энэхүү үйл ажиллагаагаар сургуулийн сурагчдын сургууль дээрээ хийх идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд ололт, бэрхшээлтэй асуудал ба түүний голлох шалтгаанууд, цаашид сургууль дээр дэмжлэгт орчныг хэрхэн бүрдүүлэх вэ? гэсэн чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэг тус бүрээс гарсан саналуудыг танилцуулбал:
Сургууль дээрээ хийх идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд ололт, бэрхшээлтэй асуудал ба түүний голлох шалтгаан
Идэвхтэй дасгал хөдөлгөөний хийх DVD, гарын авлага нь гарсан.
- Зарим сургуулиудын хувьд биеийн тамирын зал, чийрэгжүүлэлтийн танхим байдаггүй. Энэ уулзалтаас харахад идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийхэд бидэнд заавал зал хэрэггүй зөвхөн орчин байхад л болох юм байна. Жишээ нь узель байхад багш нар нь сурагчдаа идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийлгэж болно.
Цаашид дэмжлэгт орчин хэрхэн бүрдүүлэх вэ?
Боловсрол шинжлэх ухааны яам:
- Сургуулийн зал, бие бялдрын хичээлийн тоног төхөөрөмжийн стандартыг боловсруулж, батлуулж мөрдөх
- Биеийн тамирын дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, спортын төрлөөс гадна биеийн тамирын багшийн үндсэн мэдлэгийг олгоход түлхүү анхаарах
- Биеийн тамирын багш нарын секц дугуйлан ажиллуулах, хичээлээс гадуур спортын уралдаан тэмцээн зохион байгуулсан ажлын урамшууллыг тооцож олгодог болох
Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн биеийн тамир спортын газар:
- Бүх сургуулиудыг узель/чанга яригчтай болохыг уриалах
- Сургуулиудын ажлыг дүгнэхдээ спортын амжилт гаргаснаас гадна бие бялдрын өсөлтийн сорил хэр сайжирч байгааг нэг үзүүлэлт болгон оруулах
- Биеийн тамирын хувцасны стандарт, тухайн хувцсыг хэрхэн зөв зохистой өмсөх талаарх заавар зөвлөгөөг сургууль бүрт бэлтгэж өгөх
Ерөнхий боловсролын сургуулиуд:
Сургуулийн удирдлага:
- Сургуулийн хэмжээнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих бодлоготой байх
- Багш бүрт идэвхтэй дасгал, хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, мэдлэгтэй болгох
- Сургууль бүр биеийн тамирын залны хажууд хувцас солих өрөөтэй байх
Багш нар:
- Хичээлийн дундуур алжаал тайлах, анхаарал сэргээн төвлөрүүлэх зэрэг идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хичээлийн хөтөлбөрт тусгах
- Дасгал хөдөлгөөнийг хийхдээ яагаад, ямар дарааллаар хийж байгааг сурагчдад сайн тайлбарлаж өгөх
- Биеийн тамирын хувцасны ач холбогдлын талаар сурагчид, эцэг эхчүүдэд маш сайн ойлголт өгөх
Эцэг эхчүүд:
- Сургууль, анги, бүлэг бүрт биеийн тамирын, бүжгийн хамтлаг байгуулж, эцэг, эхчүүд байгууллагуудтай хамтарч ажиллах
- Биеийн тамирын хувцасны ач холбогдлын талаар хүүхдүүддээ маш сайн ойлголт өгөх
Сурагчид:
- Биеийн тамирын хувцсыг зааврын дагуу өмсөж, дасгал хөдөлгөөнийг хийж хэвших
Эрүүл мэндийн төслийн хүрээнд:
- Зөв зохистой хооллох, хөдөлгөөний ач холбогдлын талаарх сурталчилгааг зорилтот бүлэг тус бүрт чиглүүлэн мэдээлэл өгөх.
Уулзалтын төгсгөлт ерөнхий боловсролын сургуулиудын дунд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэвшил болгоход хэлэлцсэн асуудлын дагуу гарсан саналуудыг мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөн холбогдох газруудад хүргүүлэхээр тохиролцов.
Уулзалтын талаарх мэдээлэл МҮОНТ, TV9, Royal TV-ийн 2012 оны 8 сарын 29-ны өдрийн мэдээний цагаар, маргаашийн мэдээний давталтаар, МҮОНРадиогоор орон даяар цацагдсан.




